СОФИД ФИЛО : Марсель Мосс Хамт олны зүгээс бодгаль хүнд тулгадаг үхлийн тухай санааны биет нөлөөлөл (Австрали, Шинэ Зеланд)
$gogo_blog_widget_section_ads-header_106445$
$gogo_blog_widget_section_slider-k_106445$

Сэтгэл судлал ба социологийн харилцааны талаарх судалгаа минь бүхэлдээ аргазүйн асуудлуудад зориулагдлаа. Гэхдээ аргазүй нь тодорхой зам харгуй (μαθοδος) нээж, урьд өмнө ангилалд үл өртөж байсан баримтуудыг ангилах арга хэрэгсэл болж буй гагцхүү тэр тохиолдолд л зөвтгөгддөг. Тэрээр гагцхүү эвристик (асуудлын шийдлийг эрж хайж олох) үнэ цэнэ бүхий үедээ л сонирхол татах билээ. Ийм учраас, би баримт туршлагын бүтээл рүү хандаж, өөртөө болгоосон зарим санааны цаана, тухайлбал, биеийн, сэтгэлийн, бас ёс суртахууны, өөрөөр хэлбэл, нийгмийн зүйлийн хоорондын шууд холбоо хамаарал хүнд байдгийг илрүүлж буй баримтууд байгааг нотлон харуулах юм.

Миний тэмдэглэсэнчлэн, маш олон нийгэмд үхлийн тухай хувь бодгалийн хүчин зүйлсийн ямар ч хольцгүй цэвэр нийгмийн гарал үүсэл бүхий албадмал санаа нь оюуны болон биеийн гэмтэл учруулах, тийм байдлаар бодгалийн ухамсар хийгээд биед нөлөөлөх чадвартай, энэ нь төдөлгүй гаднын, эсвэл, ил мэдэгдэх ямар ч гэмтэлгүйгээр түүнийг үхэхэд хүргэдэг. Баримтаар баталгаажсан үйлдлүүд, нотолгоонууд, хэрэв задлан шинжилгээ биш бол, ядаж л гэхэд, тийн шинжлэх гэсэн оролдлогыг би танилцуулахаар амласан билээ. Би тэдгээрийг хэлэлцүүлэг болоод шүүн шинжлэлд толилуулж байна. Харин эхлээд асуудлыг тодорхойлцгооё.

Бүлэг I

Үхлийн тухай санааг нийтээр тулган итгүүлдэг байдал

Бид эдгээр баримтыг өөрсөдтэй нь нягт холбогдол бүхий бөгөөд урьд өмнө танатомани хэмээх ерөнхий нэрийн дор эдгээртэй холилдож байсан бусад баримттай хутган будилах учиргүй юм. Бидний авч үзэхээр зэхэж буй нийгмүүдэд амиа хорлох үйл тийм маягийн тулган хүлээлгэгч санааны үр дүн болж байдаг нь олонтаа. Ийм итгүүлэг байнга болж байдаг тухайд өгүүлж буй баримт нь гэм нүглийн, эсвэл, илбэ жатгын үйлийн үр дүнд бий болсон зарим төлөв байдалд бодгаль хүн (тухайлбал, маори нарын эх оронд) амиа хорлохоор нэг бус удаа оролддог явдал юм. Энэхүү итгүүлэг яг тийм хэлбэрүүдтэй байж болох боловч бидний одоо бүртгэн тайлбарлаж буй1 баримтуудын системд өөр үр дагаврууд байдаг, учир нь гэвэл, энэ тохиолдолд хүсэл зориг хийгээд хүчирхийллийн үйлдэл халдан цөмөрч орсны үр дүнд үхэл болдог. Бие физиологид нөлөөлөх нийгмийн хүчин зүйлийн нөлөөлөл нь илэрхий сэтгэцийн шинжтэй зуучаар дамжин хэрэгждэг, өөрөөр хэлбэл, энэ бол өөрөө өөрийгөө үгүй хийж буй биехүн юм, тэгэхдээ энэ үйл ухамсаргүй шинжтэй. Миний танилцуулахыг хүсч буй баримтуудын ай төрөл нь бидний байр сууринаас, бас бидний нотолгооны хувьд өөр харилцаанд гайхалтай хачин юмсанжээ. Энэ нь олон бодгалийн хувьд тэд удахгүй үхнэ гэдгээ мэдэж байгаа, эсвэл, сүслэн итгэж байгаа (энэ нь ялгаагүй адил) учраас ч тун гэнэтийн шинжтэй болж буй үхлийн тохиолдлууд юм. Сүүлчийн ийм баримтуудын дотор энэ сүсэг итгэл хийгээд мэдлэг нь хувь бодгалийн үүсэл гаралтай, эсвэл, тийм байж болох тохиолдлуудыг ялгаж үзвэл зохистой. Тэдгээр нь бидний авч үзэж буй иргэншлүүдэд бидний шууд судлагдахуун болж баримтуудтай байнга холилдож байдаг. Гэтэл, хувь бодгаль өвчтэй байгаа бөгөөд удахгүй үхнэ хэмээн сүсэг итгэлтэй байгаа бол, цаашилбал, түүний өвчин нь өөр хүний хараал жатгаас, эсвэл, өөрийнх нь гэм нүглээс үүдсэн хэмээн (үнэхээр ухамсартайгаар, эсвэл, алдаа эндлийн улмаас) тэр өөрөө бодож санаж байгаа бол, өвчний тухай чухамхүү төсөөлөлийг ухамсартай, эсвэл, далд ухамсрын оюун дүгнэлтийн “хэрэгсэл-шалтгаан” мөн гэж үзэж болох нь тодорхой шүү дээ.

Үхэх гэж буй субьект өөрийгөө өвчтэй гэж үзэхгүй байгаа, эсвэл, өвчтэй гэдгээ мэдэхгүй байгаа, харин ерөөсөө хамтын, нийтийн шинжтэй тодорхой шалтгаануудын улмаас үхлийн ойр дэргэд ирээд байна гэсэн итгүүлэг бүхий тохиолдлуудыг л бид авч үзэх билээ. Үхлийн энэхүү ойр дэргэдийн байдал болбоос бодгалийг дэмжин тэтгэж байдаг ариун дагшин хүчнүүд болон юмстай холбогдож байсан холбоос (эсвэл илбэ жатгын, эсвэл гэм нүглийн улмаас) тасрах явдалтай давхцах нь жам бөлгөө. Энэ тохиолдолд ухамсар нь гагцхүү хамтын үүсэл гарал бүхий бодол санаа хийгээд мэдрэмжид бүрэн автсан байдаг бөгөөд тийм санаа, мэдрэмж нь биед ямар ч гэмтэл үүсгэхүй. Задлан шинжилгээ хийхэд золиос бологч эдгээдээс хүсэл зоригийн ямар ч элемент, ямар ч сонголт, цаашлаад дур зоргоороо бий болгосон ямар ч төсөөлөл илэрдэггүй, мөн чухамхүү хамтын итгүүлгээс гадна бодгалийн ухаан санааны мэгдэл сандрал илэрдэггүй. Энэхүү бодгаль нь илбэ жатгад хорлогдсон, эсвэл, гэм нүглийнхээ төлөө хорлол болсон гэдэгт итгэж үнэмшдэг, тэгээд ч, энэ шалтгаанаар өөд болдог ажгуу. Бид судалгаагаа хязгаарлаж буй үйл явдлуудын ай дүндээ тийм юм. Гэм нүглийн, эсвэл хараал жатгаас үүдсэн амиа хорлолт юм уу, өвчин зэрэг бусад баримт нь нийтлэг хэв шинж илт багатай. Хэдийвээр тийм нарийн ширийн хязгаарлалт бидний судалгааг ээдрээ төвөгтэй болгож байгаа ч, тэрээр түүнийг бүр тодорхой, нарийн ялгацтай бөгөөд нотлогдохуйц болгодог.

Тэмдэглэсэн баримтууд доод хэмээх олон соёл иргэншилд тун илэрхий боловч манай үеийн соёл иргэншлүүдэд ховор, эсвэл, байдаггүй. Энэ нь тэдгээрийн тод тодорхой илэрхийлэгдсэн нийгмийн шинжтэй холбоотой, яагаад гэвэл, тэдгээр нь манайд хэдийнээ устаж үгүй болсон зарим өвөрмөц бүтэц байгууламжууд хийгээд сүсэг бишрэлүүд болох илбэ дом, хорио цээр, табу гэх мэтээс илэрхий хамаарч байв. Гэхдээ тэдгээр нь тийм соёл иргэншил, тийм ард түмнүүдэд хичнээн олноороо, хичнээн илэрхий байсан ч гэлээ, миний итгэл үнэмшил бол, сэтгэл судлалын болоод социологийн ямар ч гүнзгий судалгаанд өртөөгүй билээ. Бартельс2, Штолл3 тэдгээрээс олныг нь нэрлэсэн боловч бусад баримттай хольж хутгаж, тун янз бүрийн төвшний ард түмнүүдийн баримтыг цуглуулга болгохоос хэтрээгүй ажгуу. Хэдий тийм ч гэсэн, хүн төрөлхтний дунд иймэрхүү төрлийн баримт, өргөн тархсан санааг гүйцэд ойлгоход эдгээр чансаатай хуучин номууд хангалттай. Бид хоёр бүлэг иргэншлийн хоёр бүлэг баримт дээр судалгаагаа төвлөрүүлснээр нэлээд эрэмбэ дэгтэй ажиллах юм. Нэг нь хамгийн боломжтой доод төвшний иргэншил, тодруулбал, бидэнд мэдэгдэж буй хамгийн доод төвшний буюу австралийнх юм, нөгөө нь тун хөгжингүй, мэдээж хэрэг, янз бүрийн хувьслыг туулж өнгөрүүлсэн маори нарын иргэншил буюу Шинэ Зеландын малай-полинезичүүдийн иргэншил юм. Мартагдашгүй анд Герц бид хоёрын4 цуглуулсан баримтаар би хязгаарлаж байна. Харьцуулалтын тоог олшруулах нь хялбар байлаа. Тухайлбал, тиймэрхүү маягийн баримтууд Хойд Америкт, Африкт олонтаа тааралддаг бөгөөд бүр түрүү үеийн судлаачид ч сайтар бүртгэн тайлбарлажээ. Гэхдээ харьцуулалт бололцоотой байхын тулд хангалттай ойр атлаа бие биеэс алслагдсан баримтуудын хоёр хэлбэр дээр анхаарлаа төвлөрүүлэх нь хамгаас зохистой, өөрөөр хэлбэл, тийм баримтуудын дотоод уг чанар хийгээд үйлчлэл, мөн түүнчлэн нийгмийн орчин болон бодгаль хүнд харьцах тэдгээрийн харилцаа бидэнд сайн танил юм.

Иймэрхүү тохиолдлууд дотор нь үүсдэг оюуны, биеийн, мөн нийгмийн нөхцөлүүдийг товч тайлбарлах нь ач тустай. Жишээ болгоход, янз бүрийн нийгэм дэх хариуцлагын асуудалтай холбогдуулан П.Фоконне6 тэдгээрийг сайтар тайлбарласан юм. Харин австралийн шашны олон тооны баримттай холбогдуулан Дюркгейм тайлбарлажээ, ийм баримтууд нь гашуудлын болон бусад зан үйл7, бүлгүүдийг хамарч буй өрнүүн эрмэлзлэлүүд, бүлгүүд эрхшээлд нь байх болдог зэрлэг догшин айдас хийгээд харилцаа зөрчлүүд юм. Гэхдээ хувь бодгалиудын ухамсрыг бүрэн эзэмдэх явдал бүлэгт хэрэгждэг, бүлэг тийнхүү эзэмддэг бөгөөд энэ үйл завсарласан нь үгүй. Санаанууд үүсээд бүлэг, хүмүүжил гэх мэтийн байнгын даралт дор бодгальд хоногшиж, сэргэн тогтож давтагдаж байдаг. Тэдгээр нь өчүүхэн далим гарахад эвдрэл хямрал үүсгэдэг, эсвэл аварга хүчийг сэрээдэг. Бидэнд байдгийг бодвол эдгээр ард түмэн дэх биеийн хүчин зүйл нь бүр хүчтэй, бүдүүлэг, адгууслаг болохоор ёс суртахууны зүйлээс биеийн зүйлд (биед) үзүүлэх тийм нөлөөлийн эрчимт шинж нь бүр онцгой. Австралийн болон бусад олон овгийг ажигласан өдөр тутмын, мөн түүнчлэн угсаатны зүйн ажиглалтууд нь нутгийн уугуул хүний бие гайхалтай тэсвэр тэвчээртэй, гайхалтай гүжир болохыг илрүүлдэг. Эсвэл нарны үйлчлэл болон байнга нүцгэн байдаг юм уу, бараг нүцгэн байдаг шалтгаанаар, эсвэл орчны үжил хийгээд европчуудыг хүрч ирэхээс өмнөх зэр зэвсгийн шалтгаанаар, эсвэл тухайн аж төрөх ёсоор шалгарсан эдгээр арьстны зарим онцлогийн нь улмаас тийм гүжирмэг бололтой (тухайлбал, Эйген Фишер судалгааг нь тун амжилт муутай эхлүүлсэн тийм элементүүдээс, өөрөөр хэлбэл, нэлээд сул дорой арьстнуудад байх элементүүдээс ялгаатай физиологийн элементүүд, бодисууд гэх мэт зүйл тэдний бие организмд байж болох юм). Шалтгаан нь ямар байхаас үл хамааран бүр африкчуудтай харьцуулахад австрали хүний бие организм нь шарх даах, эдгэрэх чадвараараа онцгой ялгарч байдаг. Хүүхдээ төрүүлснээс хойш хэдэн цагийн дараа эх нь босч алхаж эхлээд өдөр тутмын ажилдаа шууд л ордог. Бие дээрх аймшигтай гүн шарх нь даруй аньж эдгэрдэг. Зарим овогт эмэгтэй хүн, эсвэл, идэр залуу хүн хугарсан гарыг зөөлөн (холтсон) чигийн тусламжтайгаар маш хурдан эдгээх бөлгөө. Энэ бүх тохиолдол бусад баримтаас эрс ялгардаг нь илэрхий. Өөрт шарх учруулсан жадыг хараал жатгатай байсан хэмээн бодгаль итгэх аваас өчүүхэн шарх байсан ч л эдгэрэх ямар ч боломжгүй юм. Хэрэв тэр ямар нэг эрхтнээ гэмтээсэн бол, зөрчсөн дүрэм горимтойгоо эвлэрч найрссан тэр өдрөөс л түргэн гэгч нь эдгэрч эхэлдэг гэх мэт. Иймэрхүү маягаар биед нөлөөлөх санаалаг зүйлийн дээд зэргийн нөлөөлөл ямар ч шарх сэвгүй тохиолдлуудад ч бүр илүү мэдрэгддэг нь илэрхий юм. Энэ нь бүхэлдээ бидний авч үзэх судалгаанд орно. Австраличуудтай харьцуулахад шинэзеландчуудын бие организм нь нэлээд дорой сул бөгөөд биет шалтгаануудтай харьцах харилцааны хувьд тогтвор муутай хэдий ч, шинэзеландын ажиглалтын талбай нийтлэг хэв шинжийн баримтуудаар баян. Тэдний угсаатны зүйн тайлбаруудын, ялангуяа хуучин (цэцэг өвчин хийгээд тэднийг хиаруулсан европчуудын бусад өвчин гарахаас өмнөх үеийн) тайлбаруудын улиг болсон зүйл нь тэдний хүч чадал, эрүүл мэнд, шарх хурдан аньж эдгэрдэг явдал байв, энэ байдал асуудлын оюуны тал хөндөгдөх хүртэл тийм байв. Гэхдээ тэдгээр нь өөр байр суурь, өөр талаасаа бидний сонирхлыг татаж байна. Бүх малай-полинезичүүдийн нэгэн адил шинэзеландчууд нь дээр тэмдэглэсэн “мэгдэл сандралын” байдлын золиос болоход бүгдээс илүүтэй бэлэн байдаг. Малайн амокегийн тухай бүх хүн мэддэг, өөрөөр хэлбэл, ойр дотны хүнийхээ үхлийн төлөө, эсвэл, доромжлуулсныхаа төлөө өшөө хонзон авахын тулд бүр манай үед ч эрчүүд (энэ нь ямагт эрчүүд байдаг), бүр том хотуудад ч, суудлаасаа босон харайж, “амокегаас зугтацгаан” өөрсдөө ухаан мэдээгээ алдан унах хүртлээ замдаа таарсан хүмүүсийг чадах чинээгээрээ хөнөөцгөөдөг. Шинэзеландын уугуулчууд, ер нь малай-полинезийн овгууд иймэрхүү маягийн хөөрлөөр гойд ялгардаг. Герц чухамхүү тэдний дундаас ёс суртахууны ухамсрын механизмуудын эдгээр гайхалтай нөлөөллүүдийг задлан шинжилгээнд зориулан сонгон авчээ. Тухайлахад, ёс суртахууны хийгээд мистик шалтгаанаар хүрдэг, ухааны ба биеийн хүчний дээд төвшинг, бас мөнөөх шалтгаанууд бүхий гуниг гутралын төвшинг маори нарын жишээнээс сайтар харж болно. Бид шинэлэг санааг нь үгүйсгэхгүй байгаа нотолгооны бүх нарийн ширийн зүйлийг Герцийн номноос олох болно.

Бүлэг II

Австрали хэв шинжийн баримтууд

Бид бусдын гарт амь эрсдэх хэмээн нэрлэдэг үхлийг л австраличууд жам ёсны үхэл хэмээн үзэцгээх аж. Шарх, аллага, хугарал бэртэл нь биет шалтгаан болдог. Илбэ жатгачид хандсан өшөө хонзонг бодвол алуурчид руу чиглэсэн цусан өшөө нь тийм ч их уур хилэнтэй биш аж. Үхлийн бусад бүх хэлбэрийг илбэ шидийн, эсвэл, шашны гарал үүсэлтэй хэмээн үзэцгээдэг8. Ганцхан Шинэ Зеландад л ёс суртахууны болон шашны гарал үүсэлтэй үйл явдлууд бодгальд өөрийг нь удахгүй үхнэ гэсэн албадмал санааг итгүүлэх чадвартай. Ер нь илбэ жатгыг гэм нүгэл хийлгэх зорилготой гэх байдлаар гол төлөв хүлээн авдаг. Харин австралийн баримтууд урвуу хамаарлыг илэрхийлж байна. Гэм нүглийн гарцаагүй үр дүн нь үхэл мөн гэсэн санаанаас үүдсэн үхлийн тохиолдлууд, бидэнд мэдэгдэж буй хэмжээгээр бол, нэлээд цөөн байдаг, тухайлбал, бид ялимгүй тооны тийм үхлийг л илрүүллээ, тэгэхдээ тэдгээр нь голдуу онгон шүтээнд халдсан, өөрөөр хэлбэл, түүнийг идсэн9, эсвэл, насны бүлгийнхэнд хориглосон хоол хүнсэнд хүрсэн гэмт хэрэг хамаарч байдаг. Сүүлийн ай төрлөөс нь хангалттай нийтлэг хэв шинж бүхий хоёр жишээг би эш татаж байна, тэдгээрийг авч үзэх завшаан Дюркгеймд10 тохиосонгүй. “Хэрэв бага залуу Вакельбура хүн (охин эсвэл хөвгүүн) хориотой ав шувууны мах зэргийг идвэл тэрбээр өвчилнө, улмаар, өөрөө өөрийгөө иддэг бололтой. Тэр, идсэн амьтан шигээ дуугарч, орь дуу тавин үхдэг”. Энэ бол мөнөөх амьтны сүнс нь нүгэлтний биед орж, түүнийг хөнөөж буй хэрэг юм11. Өөр нэгэн жишээ бидэнд бүр шууд холбогдох тийм тус тус тохиолдол12 хамаарч байна. МакЭлпайн 1856-1857 онд нэгэн залуу курнаиг хөлсөлжээ. Энэ нь хүчирхэг эрүүл негр хүн байж. Нэг удаа МакЭлпайн түүнийг өвчилсөн байдалтай байхыг харж. Тэр хэлэхдээ, хийх ёсгүй зүйлийг хийсэн, өөрөөр хэлбэл, идэх зөвшөөрөл аваагүй байж, эмэгчин уутат хархыг хулгайлсан гэжээ. Үүнийг нь өвгөчүүл илрүүлсэн аж. Тэр одоо дахин босч эдгэрэхгүй гэдгээ мэдэж байсан ба энэхүү сүсэг итгэлийнхээ нөлөөгөөр хэвтсээр байж, тэгээд ч, засарч эдгэрэлгүй, гурван долоо хоногийн дараа нас баржээ.

Тийм учраас, австраличууд дахь ёс суртахууны болоод шашны шалтгаанууд нь итгүүлгээр дамжин басхүү үхэлд хүргэж чадах аж. Тэгэхээр, дээрх сүүлийн баримт нь цэвэр илбэ домын үүсэл гаралтай үхлийн тохиолдлуудад хүргэх завсрын, шилжилтийн үе шат болж байна, яагаад гэвэл, өвөгчүүлийн зүгээс аюул заналхийлэл гарч байлаа. Тэгэхдээ, илбэ жатгаас үүдэлтэй үхлийн үлэмж тоо нь цусан өшөө, эсвэл, шийтгэлийн13 явцад үүсч байгаа болохоор өөрийгөө энэхүү хууль ёсны илбэ жатгаар хараагдсан хэмээн мэдэрч буй бодгаль нь үгийн шууд утгаар басхүү ёс суртахууны хувьд ялагдал хүлээж байдаг. Иймд, таамаглаж болох хэмжээгээр авч үзэхэд, бүхэлдээ австралийн баримтууд нь маори нарынхаас тийм ч хол зөрүүтэй биш ажээ. Гэхдээ ер нь дон, солиорлын тухай ярьж байна. Хараал жатгад өртсөн хэмээн итгэж буй хүн үхдэг. Энгийн бөгөөд тун дэлгэрсэн баримт тийм амой. Гол төлөв байгаль судлаач, эмч нарын яг таг тогтоосон, эсвэл, тоочин бүртгэсэн, шууд ажиглагдсан нэлээд түрүү үеийн тохиолдлуудаас хэдийг нь эш татая. Буэн Айлендэд 1840 оны орчимд нэгэн эр хараал жатгад өртсөн, маргааш үхнэ хэмээн хэлж байсан бөгөөд тэр ёсоороо үхсэн гэж Бэкхауз14 өгүүлсэн юм. Кеннедийн тойрогт 1865 онд эхнэр нөхөр Эден нарынд15 нэгэн ирланд хөгшин шивэгчин алиа бодлоо хэмээн хар арьст зарцыг буруутгаад “Чи ширүүн зангаасаа болж удахгүй үхнэ шүү” гэж хэлжээ. “Зарц эмэгтэй тэр дороо гараа унжуулан шивэгчин рүү харснаа царай нь цонхийжээ... тийнхүү эдгээр үгнээс болон цөхөрч, гутаж гундан хатингаршаад сар ч хүрэлгүй өөд болжээ”.

Ахмад судлаачид эдгээр баримтын тухай нэлээд ерөнхий байдлаар өгүүлцгээжээ. Кимберлийн16 тойргийг 1843 онд нягтлан судалсан Остин хар арьстнуудын тэсч амьдрах гайхалтай чадвар, амь бөхтэй байдлыг, бас, хараал жатга туслаа гэх хар сэр санаа гармагц үхэх болдог тэдний хачирхалтай сул дорой шинжийг тэмдэглэжээ. Байгаль судлаач Фрогиттын үзэж буйгаар17, “өөрийнх нь эсрэг илбэ жатга хийснийг мэдмэгц хар арьст хүн waste away with fright ( айдсаас болж хатингаршдаг)”. Тодорхой нэг өдөр үхнэ хэмээн мэдэгдэж байсан бөгөөд тэр өдрөө “цэвэр төсөөллийн санаанаасаа болж”18 үхсэн эр хүнийг 1870-аад оны орчимд ажиглалт хийж байсан нэгэн судлаач харжээ. Викторийн хойд нутгаас гаралтай номлогч гэгээнтэн Балмер иймэрхүү тохиолдлуудыг үзсэн зарим овгийн19 тухайд бүхэлд нь маш тодорхой өгүүлжээ, чухамдаа гаднын нөлөөлөлд тун бага өртсөн Квинслендийн нэгэн овогт тийм таарч байжээ. Хэрэв хүмүүс хараал жатгыг хариулах арга хэрэгсэл олохгүй бол “цус goes bad (ялзарч), хараал туссан этгээд үхдэг”20 (энэ нь англи-австралийн этгээд хэллэг үү, баримт уу?) хэмээн номлогч тодруулж байна.

Бодгаль товлосон цагт үхсэн тохиолдлууд тэмдэглэгджээ. Нэлээд цөөн бөгөөд илбэ домын хүрээ хязгаараас даван гарч буй боловч нийгмийн хийгээд шашны үзэгдэлтэй ямар ч гэсэн холбоотой бусад тохиолдолд талийгаач иймэрхүү маягийн тулгалт хийдэг тухай тэмдэглэцгээдэг. “Хөсрий царайтай” үхдэл өөртэй нь тааралдаж даруй үхнэ гэж хэлсний учир21 Молонбахын хар арьст нэгэн хүн хоёр хоногийн дотор нас барсан хэмээн мөнөөх Бекхауз өгүүлж байна. Ургамал судлалч Стивенсийг хөнөөгч этгээд 1864 онд шоронд сар хүрэлгүй өлсгөлөнгөөр үхжээ. Амь эрсэдсэн хүн гэмтнийг шил даран мөшгиж байжээ22. Диери нарын нэгэн сайтар боловсрогдсон домогт (ийм төрлийн баримт нь, бидний харахад, чамбай судлахад үнэ цэнэтэй)23 өгүүлснээр, ойрын хүмүүстээ хөөгдсөн бурханлиг өвөг Мура Ванмондина үхэхийг хүсч байсан бөгөөд үхжээ. Тэрбээр яс шатаах зан үйлээр өөрөө өөртөө хараал хийжээ. Тэр шаналж тарчлах тусмаа улам бүр баясч, хүссэн ёсоороо амьдралыг орхижээ.

Ийм албадмал байдал хийгээд өвчнийг анагаах явдлыг шинжлэх нь яг л тэдний хөнөөллийн үр дагаврыг судлахын адил мөнхүү үлгэр жишээ болохуйц билээ. Хэрэв илбэ домын шившлэгийн тайзчилсан ёслол, хараалын хариулга үйл нь яг л бодгалийг үхэлд хүргэдэг шиг тийм зайлахын аргагүй, хариулшгүй байдлаар хийгдэж байвал уг бодгаль эдгэрдэг24. Ванкангуру нар “үхдэлийн яснаас” болж хэрхэн үхдэг талаар ярьсан орчин үеийн хоёр судлаачийн нэг нь эмч байв, чухамдаа ийм үхлийн шалтгаан нь хүчтэй айдас юм. Хэрэв энэ яс олдвол, хараалд өртөгч этгээд өөрийгөө сайнаар мэдэрнэ, хэрэв эс олдвол бүр муугаар мэдрэх аж. “Европын анагаах ухаан хүчин мөхөс. Тэрээр юу ч чадахгүй, тэр бол илбэ жатгын ай төрлийнх биш”25. Алдарт физиологич бөгөөд хүн судлалч ноён Болдуин Спенсерт какаду нарын нэгэн өвгөн Мукалакки хэмээхийн ярьсан адал явдлыг анхааралтай унших хэрэгтэй. Тэрбээр залуудаа өөрийнх нь насныханд идэхийг хориглосон могойг санамсаргүй идчихжээ. Үүнийг нь нэгэн өвгөн анзаарсан аж. Тэгээд тэрбээр түүнд хандан “Яагаад чи түүнийг идэв? Чи түүнийг идэх насанд хүрээгүй, чи айхтар өвдөнө дөө!”26 хэмээжээ. Сүрхий айсан залуу “Юу болох бол, би үхэх үү?” гэж түүнээс асууж. Өвгөн түүнд халаглан хэлэхдээ “Тэгнэ ээ, бага багаар үхсээр байна”27 гэв. Арван таван жилийн дараа Мукалаккийн бие өвджээ. Нэгэн домч-эмч өвгөн түүнээс “Чи юу идсэн бэ?” хэмээн асуулаа. Өвчтөн хуучин цагийн адал явдлыг дурсан ярьж өгчээ. Уугуулчуудын эмч дүгнэхдээ “Тэгэхээр, өнөөдөр үхнэ гэсэн үг”28 хэмээв. Өдрийн туршид өвчтөний бие улам бүр дордсоор байв. Түүнийг барьж байхын тулд гурвын гурван эр хүн хэрэгтэй болов. Могойн сүнс түүний биед шүглэн орогнож, түүний магнайнаас, амаар нь гэх мэтээр энд тэнд нь исгэрч шуугин хэрэн хэсч байв. Энэ нь аймшигтай байдлыг бий болгож байв. Нэлээд зайтай байх илбэ увидаст нэгэн алдарт хувилгаан эмч рүү элч зарцгаалаа. Могойн сүнст Мукалакки мурилзан мурчиганаж, жирвэлзэн татвалзаж улам бүр аймшигтай болж байх яг тэр агшинд чухам цагаа олон хэн нэгэн Морпун хэмээх ирж тохиов. Тэрбээр тойрон бүчигсдийг холдуулаад, нам гүм байдалд Мукалаккийг шинжиж үзээд, далдлаг нууцлаг могойг нь олж хараад, гарган авч эмийн манхагтаа хийж, төрөлх нутаг орон тийшээ авч яван, усаар дүүргэсэн нүхэнд могойг хийн, тэнд үүрд байхыг тушаан болгоожээ. Мукаллакийн “бие нь машид хөнгөрч, тэрбээр хүчтэй хөлөрч, нам унтаад өглөө нь эв эрүүл сэржээ... Хэрэв Морпун тэнд ирж, могойг салгаж аваагүй бол тэрбээр үхчих байлаа. Үүнийг хийж чадах ид хүч гагцхүү Морпунд байдаг гэхчилэн ярьсан болой”.

Мөн түүнчлэн Хойдын овгийнхны (энэ удаа баруун хойдын) тухайд онгон шүтлэгийн сүмүүд болон ёслол үйлүүд (Larbow) нь бүр хүүхдүүдийн ухамсарт ч тиймэрхүү маягийн эмчилгээний нөлөөлөл үзүүлэх үнэ цэнэтэй байдаг хэмээн Уитнем29 мэдээлсэн билээ. Мөнчанартаа, хамгийн чухал ариун дагшин үзэгдэлтэй холбогдох харилцааг илрүүлэх, сэргээн тогтоох тухай ярьж байна. Тухайлбал, өөрийгөө хараал жатгад өртсөн хэмээн үзэж буй диери хүн нь өөрийн омгийнхны, өвөг дээдэс муравимынхаа30 ариун дууллаар, мөн түүнчлэн, ялагдашгүй31 болсон хэн нэгэн өвөг дээдсийн дууллаар аврагддаг. Үхсэнийхээ дараа эргэж хандсан (сүнс нь хоргодсон!) нэгэн хар арьст хүнийг оршуулахтай холбогдон зохиогдож, Балмерын32 найруулсан, уугуулчуудын болоод христосын холимог зан үйлийн гарал үүсэл бүхий дуулалд тэр хүн үхлээс хамгаалагдсан, “чиний авралын сүнсэнд тогтоон баригдсан” (сhered by your helping spirit) хэмээн өгүүлдэг. Миндари (давалын ёс хийгээд наманчлалын)-ийн ёслол үйл, илбэ домын хариулга, интичиумын зан үйлийн талаархи Гайон, Хауитт нарын тайлбарыг Төв Австрали дахь нэгэн сайн угсаатны зүйч баталж байна33. Тэдгээр тайлбарын утга нь хүмүүс бүх ертөнцтэй зөвшилцөлд оршин байдаг гэдгийг нотлон харуулах явдал юм.

Ухамсрын эдгээр хэлбэр нь сүсэг бишрэлээр дамжин үгийн үйлчлэл нөлөөлөл, муу ёрын илбэ домын үйлдлийн аюул руу бүхэлдээ нэвтэрсэн байдаг. Мөн түүнчлэн тэд сэтгэлийн тайвшралын нууц далдлаг маягийн ямар нэг зүйлд санааширч түгшсэн байна. Тийм болохоор, амьдралд итгэх сулхан итгэл бишрэл нь эвдэрдэг, эсвэл, тэнцвэрт байдлаа (энэ байдлын эвдрэл шиг нь) уг чанараараа хамтын шинжтэй ивээгч сүнс юм уу, илбэ увидастан, туслах хэрэгслүүдээр сэргээдэг.

Бүлэг III

Шинэ Зеланд, Полинезийн нийтлэг баримтууд

Өгөгдсөн бүртгэл тайлбарууд нь маори нар хийгээд Полинезийн угсаатны зүйн нэгтгэгч эхлэл маягтай ямар нэг зүйлийг басхүү бүрдүүлдэг. Судлагдахууны34 нэрт мэргэжилтнүүдийн нэг болох Треджир байн байн энэ сэдэв рүү эргэн ханддаг. Маори нарын шарх даах гүжир байдал нь хэдийвээр хоёр мянган жилийн цаадхи бидний өвөг дээдсийн тэсвэрээс хэтрэхгүй ч, тэдний биеийн асар гүжир байдлыг өргөн олон мэдэх юм. Тийм болохоор, шарх аньж эдгэрнэ гэдэг гайхалтай. Треджир гайхамшигтай тохиолдлуудыг эш татдаг. Жишээлбэл, нэгэн хүн эрүүгүй хэрнээ ихэд өтөл насанд хүртэл аж төрж байжээ. Эрүү нь 1843 онд суманд өртөн хугарч унжсан байв. Тэд ийм гүжир тэсвэр тэвчээртэй атлаа гэм нүгэл, илбэ жатга, эсвэл, эдгээр үйлийг хийсэн гэнэн байдал зэргээс үүдэлтэй өвчний тохиолдолд тун сул дорой байдаг нь эрс тэс ажээ. Чадвар төгс ахмад судлаач Джарвис Гавайн тийм байдлаар үүдсэн төлөв юуг гайхамшигтай бүртгэн тэмдэглэсэн байв, илбэ жатгын үр дагавар болох энэ нь “амьдрах дур хүсэл байхгүй болсноос”, “гарцаагүй байдалд санаагаар унаснаас” (fatal despondency), “бүхэлдээ үхээнц болсноос” (pure apathie)35 үүдсэн үхэл ажээ. Европчуудыг ирэхээс өмнө Маркизийн арлуудад байсан зүйр цэцэн үг бол “Бид нүгэлтнүүд учраас үхэцгээнэ” гэх юм. Дунджийг үл мэдэх бүх ухамсарт нэгэн хувилбар (альтернатив) л ноёлдог аж. Нэг талаас, биеийн хүч, хөгжөөнтэй байдал, үндэс баримттай байдал, бүдүүлэг шинж, эгэл ухаан байна, нөгөө талаас, гуниг гутралын, эсвэл, доромжлол гомдлын хязгааргүй бөгөөд үл тасалдах хөөрөл,36 эсвэл, мөн хил хязгааргүй, үл саатах бөгөөд эс арилах доргилт цочирдол, ганцаардлын харамсал, цөхрөл, эцэстээ, үхлийг тулгах итгүүлэг байна. Ийм итгүүлэг, нь үхлийн ерөнхий төвшин рүү ч нөлөөлдөг хэмээн Ньюмэн38 үзэж байна, тухайлбал, “олон маори нар ялигүй тавгүйрхэл, чилээрхлээс болж үхэцгээдэг нь эргэлзээгүй, яагаад гэдэг нь тун энгийн өвчин туслаа гэхэд тэд туссан өвчинтэй эс тэмцэнэ, түүнийг эсэргүүцэж сөрөхийг ч оролддоггүй, харин хөнжлөөр биеэ ороогоод л чухамхүү үхэхийн тулд хүлээн хэвтэцгээдэг. Тэд сэтгэлийн өчүүхэн ч хүч үлдээгүй хүмүүсийн дүр төрхтэй болцгооно, тэгвэл, тэдний найз нөхөд нь юу ч үл хийн, үл сонсч, шийдэгдсэн хувь тавилан байдлаар тэдэн рүү харцгаах бөлгөө”. Юутай ч атугай маори нар өөрсдөө үхлийнхээ шалтгаануудыг ангилж байна39, а) Сүнснээс болж үхэх (хорио цээр зөрчих, хараал жатга тусах гэх мэт). б) Дайнд амь эрсдэх. в) Жам ёсны шалтгаанаар үхэх (өндөр нас). г) Золгүй тохиолдлоос үүдсэн буюу амиа хорлох үхэл40. Тэгээд тэд нэрлэсэн шалтгаануудын эхнийхэнд нь хамгийн том ач холбогдлыг хамаатуулах ажаам.

Тийм учраас, эдгээр сүсэг итгэлийн тогтолцоо нь Австралид байдгийн адил, зөвхөн үр дүнгүүд нь, улмаар, сүсэг итгэлийн эрчимлэг шинж нь өөрөөр хуваарилагддаг. Цэвэр ёс суртахууны хийгээд шашны ойлголтууд давамгайлж байна. Хараал жатга нь мөн л Австралид байдгийн адил үүргийг гүйцэтгэдэг боловч баялаг, уян хатан, мөн хувиралт хийгээд үр дагаварууддаа бүдүүлэг бөгөөд энгийн байдаг полинези хүний тийм ёс суртахуун нь олонхи үхлийн шалтгаан болдог. Эдгээр хэв шинжийн уялдаа холбоог баталж байгаа зарим баримт ийм байна. Хэдийвээр полинезийн онгон шүтэх ёс, ялангуяа Шинэ Зеландад нэлээд сул илэрсэн ч, тэрээр үхлийн зарим шалтгааны талаарх төсөөллийг өгөх ул мөрүүд үлдээсэн гэдгийг эхлээд тэмдэглэцгээе. Тухайлбал, Тонга арлуудад41 хориотой яст мэлхий идсэн эр хүний элэг нь хэрхэн томорч, улмаар, үхсэн тухайд Маринер мэдээлж байна. Гэвч зөрчигдсөн хорио цээрүүд (онгон шүтлэгийн) Самоа арал дээр хамгаас хүчтэйгээр өөрийнхөө төлөө өшөө хонзон авч байдаг. Идсэн амьтан нь хүний дотроос нь ярьж, дотор нь тийчилж, дотроос нь эвдэн хөнөөж, идэж зулгааж, улмаар, хүн ч үхдэг аж42. Илбэ жатгаас болж үхэх тохиолдол мөнхүү маш олон юм. Нэгэн эмэгтэй (сүнс) залуу удирдагчийн сүнсийг хэрхэн байнга мөрдөн мөшгиж байсныг Маринер мэдээлжээ43. Түүнд Тохунга (жатгач) хүн хоёр өдрийн дотор үхнэ хэмээн мөнөөх залууд ярьж байснаар тэр үхсэн ажгуу. Өөр нэгэн тохиолдолд хараал жатгын үр дүнд бурхан-шидтэн үхэж байжээ44. Мөн түүнчлэн муу ёрын совингоос болж үхэх явдал олонтоо тааралдаж байдаг45.

Гэхдээ үхэл ихэнхдээ, ялангуяа маори нарын эх оронд “үхлийн гэм нүглийн” дүнд болдог, энэ бол тэдэнд өөрсдөд нь хамаарах хэлц юм. Тоо томшгүй бүртгэл тайлбар нь ерөөсөө тун дэлгэрэнгүй бөгөөд домогзүйн олон хувилбартай, тухайлбал, амин сүнс нь хүнд жинтэй, тэрээр уяа хүлээ, тор сүлжээнд уягдаж байдаг, тэрээр устаж үгүй болдог, олзонд баригддаг, тэрээр биед буй цорын ганц сүнслэг эхлэл биш, түүнд өөрийг нь мөрдөн мөшгиж буй хөрш байдаг, тэрээр амьтадтай, эсвэл, бие болоод өөр шиг нь амин сүнс бүхий юмстай тулгарч байдаг. Неврологич бөгөөд психологичид мэдээжийн ойлгомжтой эдгээр бүх хэллэг энэ уламжлалт хийгээд өвөрмөц өргөн хэрэглээгээ олж байдаг нь гарцаагүй.

Гэхдээ үр дагаврыг шалтгаанаас нь дэндүү тусгаарлах шаардлагагүй. Маори нар бол ёс суртахууны хүрээнд нямбай зантай бөгөөд сонор соргог хүмүүс юм. Нарийн төвөгтэй нийтлэг хэв шинж бүхий эдгээр механизмын талаархи Герцийн гайхамшигтай задлан шинжилгээг бид авч үзэлгүй орхиод, түүнээс зөвхөн хоёр санамжийг л эшлэж байна, жишээлбэл, илбэ жатгаас болж үхэх явдал маш олонтоо мэдрэгдэх бөгөөд ихэнхдээ урьд өмнийн гэм нүглийн үр дагавар байдлаар л бололцоотой. Харин гэм нүглээс болж үхэх явдал бол нүгэл хийхийг тулгасан илбэ жатгын46 үр дүн л юм. Шүтээн бурхад, ёр совин, сүнс нар (аиту, атуа) мөнхүү ажил хэрэг рүү хөндлөнгөөс оролцож болдог47. Энэ бол зайлшгүй шинжтэй цочирдлын48 байдлыг үүсгэгч, ухамсрын жинхэнэ өвчнүүд бөгөөд энэхүү гэм нүглийн илбэ жатгаас өөрсдөө үүссэн аж, ийм илбэ жатга нь гэмээ мэдрэхийг бодгальд тулган хүлээлгэж, түүнийг гэмийн төлөв байдалд шахаж оруулан эрсдүүлдэг49. Аз болоход, энэхүү багц баримтын тухайд бидэнд эмч хүний гүн мэдлэг бүхий бүтээл бидэнд байна. Хамгийн алдартай угсаатны зүйчдийн нэг болох Элсдон Бестийн тусламжтайгаар эмч Голди онолыг, бүр эдгээр баримтын харьцуулсан онолыг50 бүтээжээ. “Түргэн төгсгөл бүхий хачирхам уйтгар гуниг” хэмээх бүлэгт хүмүүс өөрсдөө “үхэлд тэмүүлдэг” (Willto death)51 тухай өгүүлдэг. Түүний эш татсан зарим баримт ийм байна. Эрүүл чийрэг, хүдэр гүжир бие бялдартай нэгэн бодгаль энэхүү “уйтгар гунигаас” болж гурав хүрэхгүй өдрийн дотор үхсэнийг эмч (хожим сэр) Барри Тьюк мэдэж байлаа. Бие хаа царай зүс бүр сайтай өөр нэг бодгаль “дотроо эрхтний үнэхээр ямар ч гэмтэлгүйгээр”, “амьдралаас уйтгарлан гуниглаж” үхнэ хэмээн хэлж байснаа, мөн арван өдрийн дараа өөд болжээ. Энэ эмчийн судалсан олонхи тохиолдолд энэ хугацаа хоёроос гурван өдөр л үргэлжилж байв.

Бусад баримт нь түүхэн шинжтэй бөгөөд Шортленд, Тэйлор зэрэг судлаачдаас зээлдэгджээ. Эдгээр баримтыг олон хүн ажигласан байна. Өвгөн удирдагч Кукутаи амбан захирагчийн хөлгийн бүхээгт байхдаа Умарын арал ба эрэг орчмын хадан цохионууд, Үхэгсдийн Ороны хаалгыг харжээ, тэрбээр хөлгийн бүхээгт байсан хүмүүсийн, түүний дотор сайд нарын ч хувцсыг, дараа нь өөрийнхөө хувцсыг шидэн, амин сүнс нарт нүгэл наманчлах өргөл өргөв, “түүний төрх төлөв тун ч гуниг гутралтай харагдсан тул эргэн тойрны хүмүүс нь түүний амь насны төлөө болгоомжилцгоож байв”.

Гэхдээ эдгээр тодорхой баримтаас багагүй чухал, маори нарын утга зохиолын эх сурвалжууд эш татахыг минь болгооно уу. Кикоккогийн охины тухай өгүүлж буй нэгэн алдартай дуулал нь өвчтөний мэдрэмжийг сайтар тусгажээ52.

Гялалзан гялтганагч нар чи Пукихинаугийн оройд

Туяа гэрлээ тусган тэнгэрт байж бай

Нар аа, чи тэндээ үлд, бид хамтдаа үлднэм!

... Бүсгүй найз (эх) минь чи юу ч гэж хэлж чадахгүй нь яалтай.

Дайны болоод шийтгэлийн бурхан тэнгэр өөрөөр шийдлээ,

Тэрбээр яс бүрт минь сүх зоож яйруулан бутраалаа,

Үндэс ёзоороос нь тасар татан унагаж

Бутраан тасчих мөчир шиг

Би ч хага үсэрлээ...

Би үүнийг хийчихлээ. Бурханаас үүдэн буй өөр рүүгээ

Би энэ үхлийг авчирлаа (Герц),

Яг одоо энд хаягдаж хоцорсон би

Ямар ч тусламжаас ангид байна.

Биеийнхээ (Герцийн орчуулга тун сайн):

Шаналалд тамирдан (Амь сүнсгүй)

Хатингиршиж хаягдсан (Сул дорой, эцэж турсан)

Би үхэхээр хэвтэж байна. (Герцийн орчуулга тун сайн):

Иймд бие

Үхэхээр эргэж хөрвөлөө.

Эмч Голдийн дүгнэлт ийм байна,

“Амьдрах хүсэл үгүй болохыг дагалдаж бүхий гүн цочирдлын үргэлжлэх урт богино ямар нэгэн үеийн дараа үхэлд хүргэж буй, байн байн ажилдагддаг энэхүү хачирхалтай хандлага нь онцгой мэдрэмтгий мэдрэлийн систем рүү үйлчилж буй мухар сүсгийн айдсын үр дагавруудаар нөхцөлдсөн байдаг (х.77 үзэх)”.

“Гунигт меланхоли байдлын хачирхалтай хэлбэрээр нөхцөлдсөн үхлийн шалтгааныг хэн ч тайлбарлахыг оролдоогүй хэмээн би бодож байна. Золиос “өөрийгөө үхэлд өргөж байна” гэх санаа ард олны ухамсарт байх ч, бид энэхүү хачирхалтай төгсгөлийг зэрлэг хүний хүсэл зоригийн хүчинд чамбай байдлаар нялзаан хамаатуулж чадахгүй. Маори хүний сэтгэл санааны үндсэн шинж нь түүний тогтворгүй байдал мөн. Хүний сэтгэлийн тэнцвэртэй байдал нь өдөр тутмын үй олон тохиолдлын эрхшээлд байдаг, өөрөөр хэлбэл, тэрбээр гадаад нөхцөл байдлуудын тоглоом мөн. Түүний тархи урт удаан бөгөөд барил тавилын баримжаатай ёс суртахууны ба сэтгэлгээний соёлын обьект байгаагүй болохоор өндөр иргэншлийн ард түмнүүдийн онцлог бологч ухаан санааны тэрхүү тэнцвэрт байдлаас ангид байв. Тэрбээр өөрийгөө жолоодох чадваргүй байжээ. Тэр, даан ч өчүүхэн шалтгаас болж цурхиран уйлж, бас инээх бөлгөө. Хөөрөл, эсвэл, гунигийн тэсрэлт нь эгшин төдийд үгүй болох аж...” (Голди энд олон тооны эш татжээ).

“Номхон далайн хий хөөрүү өвчин” хэмээх сэтгэцийн энэхүү хачирхалтай төлөв байдал дахь өвчтөн цочирдлын анхны үеийн дараа гэнэт хөөрөлд орж, хутга, эсвэл, зэвсэг шүүрч аван, тааралдсан бүхэн рүү дайрч, хүч чадлаа баран унах хүртлээ асар их хохирлыг амсан тосгоноор нэг харайлгадаг. Хэрэв түүнд хутга олдохгүй бол эрэг орчмын хадан цохио руу ухасхийж, далайн ус руу үсэрч, хэн нэгэн аврах, эсвэл, живж үхэх хүртлээ эцэс төгсгөлгүй удаан сэлж мэднэ. Гэнэтийн болоод гүнзгий цочирдлын эсрэг төлөв байдлын яг адил энэхүү учир зүггүй, улаан галзуу хий хөөрүүгийн хөөрөл бүх аралд тааралддаг” (Оршуулгын дараах сүнсний дуудлагын харамсмаар үр дүнгүүдийн бүртгэл тайлбар энд гарч ирдэг. Талийгаачийн эмэгтэй дүү нарынх нь нэг түүний дуу хоолойг сонсч, хөөрлийн байдалд орсноо дараа нь сэтгэлээр унан гутарч, талийгаачийг даган явахаар шийдэж, улмаар, хэдхэн цагийн дотор өөрийгөө хөнөөдөг).

“Тийм учраас, тархи нь тогтворгүй төлөв байдалд байдаг, сэтгэл хөдлөл дэндүү ихтэй мэдрэмтгий хүмүүс нь онцгой хөөрч, эсвэл, гүнзгий уйтгарт гунигт автдаг. Амь насыг хадгалж хамгаалах зөн совин хачирхалтай сул хөгжсөн, гүн сүсэгтэй бөгөөд үхлээс үл айдаг хүмүүс хорон санаат бурхад болон хар домч хараалч нарт хязгааргүй эрх мэдлийг нялзаан хамаатуулдаг. Хэрэв тэдний хэн нэг нь сэтгэцийн эдгээр шинж өндөр хэмжээнд байгаад бүхнийг чадагч бурхан, эсвэл, тохунгийн (илбэ жатгачийн) золиос болсон гэдэгтээ итгэж үнэмшиж буй бол мэдрэлийн хүчтэй цочир дайрлага дайрч, бүх мэдрэлийн системийг нь “бадайруулдаг” (paretic), өөрөөр хэлбэл, энэ систем нь тийнхүү үүсэж буй мэгдэл сандралын төлөв байдалд эсэргүүцэл үзүүлдэггүй. Бодгаль хүн өөр рүүгээ гүнзгий шурган орж, гэм нүгэл нь асар их, мөн өөрийнх нь байдал найдваргүй гэсэн санаан дээр тогтдог. Тэрбээр хуурмаг санаан дээр үндэслэсэн гунигт меланхолийн найдваргүй золиос болдог. Тэрбээр бүхнийг чадагч хуурмаг санаанд олзлогдон баривчлагдсан ажгуу, өөрөөр хэлбэл, тэр бурхдыг гомдоож доромжилсон, тийм учраас үхнэ. Тэр гадаад ертөнцийн юмс үзэгдэлд хандсан анхаарал сонирхлоо гээнэ, өвчний байдал нь бүхнийг эзэмдсэн шинжтэй болно. Мэдрэлийн цочирдол нь маш их байна. Биеийн хүч нь барагдаж тамирдах болно, тэгээд, хоёр дугаар зэргийн цочирдол нь аажмаар бүх эрхтэн рүү тархдаг. Амин чиг үүргүүд, түүний дотор зүрхний ажиллагаа дарангуйлагдаж, мэдрэлгүй болсон булчин шөрмөс үхжиж, улмаар, эцсийн дүндээ бүрэн “anergia”, буюу үхэл болдог. Тогтворгүй сэтгэл санаа нь бүхнийг эзэмдэгч мухар сүсгийн айдсын жолоо цулбуургүй хүчинд тэмцэлгүйгээр бууж өгдөг” (х.79-81).

Би ердөө л эргэцүүлэхэд зориулан энэхүү дүгнэлтийг танд эшлэн танилцуулж байна. Анагаах ухааны байр сууринаас авч үзэхэд хуучирсан хэлнээс нь үл хамааран, тэрээр чухал ач холбогдолтой байна, тэгэхээр, түүний үнэ цэнэ ирээдүйд ч хэвээр хадгалагдах нь эргэлзээгүй.

Эдгээр баримтын чухал шинжийг хэтрүүлэн үнэлнэ гэдэг хэцүү. Бид өөрсдийнхөө мэдэж буй тэр их баримтын тун өчүүхэн хэсгийг л эш татлаа. Хамгийн нөлөө бүхий бөгөөд эмгэнэлтэй баримтуудын нэг нь маори нар 1835 онд байлдан дагуулж, үүний дүнд нутгийн оршин суугчдын тоо нь 2000 байснаа 25 болж цөөрсөн Чатем арлуудын мориори нарт тохиолдсон явдал юм. Тэднийг Өмнөд арал руу хэрхэн тээвэрлэж аваачсан хийгээд байлдан дагуулагчид нь юу ярьж байсныг бидэнд тэдний нэг, орчуулагч нь болох Шенд өгүүлсэн билээ54, “Маори нар ярихдаа, бид хөнөөсөн учраас тэд цөөхөн тоотой болсон юм биш. Харин бид тэднийг олзолсны дараахи өглөө л гэртээ үхдэл болцгоон хэвтэхийг нь дэндүү олонтоо харсан юм. Өөрсдийнхөө мануг зөрчсөн явдал (өөрсдийнхөө мануг хатингаршуулах үйлдлүүд хийх шаардлага) нь тэднийг хөнөөжээ. Тэд бүхэлдээ манугийн эрхшээлд байв”.

Бид анормаль шинжтэй хэмээн нэрлэдэг ухамсрын тийм олон хэлбэрийг яг таг тусгасан Иовын нэгэн алдартай бичвэрийг55 ч бид мэднэ, харин ийм хэлбэрүүд нь тэдгээр иргэншилд тийм шинжтэй биш болой.

“Тэгэхэд Тэр хүний чихийг нээж, мөн хүнийг ямар нэг ажил хэргээс зайлуулж, түүнээс бахархлыг салгахын тулд, түүний амин сүнсийг ёроолгүй ангалд унахаас, амь насыг нь илд зэвэнд ялагдахаас зайлуулахын тулд өөрийн сургаалаа ой тойнд нь хадаж хоногшуулж өгдөг. Эсвэл, тэр хэвтрийнхээ өвчин болон бүх яс нь янгинах явдлаар итгүүлэгт ордог, тэгснээр, түүний амьдрал талхнаас нүүр буруулж, амин сүнс нь аливаа хүнсийг жигшээдэг. Махбод нь амин сүнс нь шарил руу, амьдрал нь үхэл рүү ойртдог”.

*** *** ***

Баримтууд тийм байх бөлгөө. Психопатологи болон невропатологийн сэдвүүд рүү хандсан аливаа мэтгэлцээнээс татгалзацгаая. Эдгээр тохиолдолд үзэгдэж харагдах ямар ч гэмтэлгүй, эсвэл, чагнуур зэргийн тусламжтайгаар тогтоож болох өвчин үгүй гэдгийг бүх гэрч, тэдний дотор эмч нар ч өгүүлдэг билээ. Би мэдэхгүй л дээ. Цаашдын ажиглалтууд туйлын шаардлагатай, магадгүй, та тэдгээрийг өөгшүүлж ч мэднэ.

Харин социологич болох миний хувьд олон тооны жишээг, тэгэх дээ хэв ерийн шинжтэй, эсвэл, ямар ч тохиолдолд, анормаль (хачин жигтэй) байдлаараа дэлгэрсэн жишээнүүдийг олсон тэрхүү чиглэлээ та бүхэнд онцлон заахад хангалттай байна. Чухамхүү үүнийг л би танд амласан билээ.

Эш татсан баримтууд нь, миний үзэж буйгаар, даруй судлах шаардлагатай тэрхүү ай төрөлд хамаардаг гэдгийг цаашид хэрэг болгон тэмдэглэж байна, өөрөөр хэлбэл, эдгээр нь нийгмийн уг чанар хүний биологийн уг чанартай шууд шүргэлцдэг тийм үзэгдлүүд юм. Өөрийгөө хамгаалах зөн совин хэмээн нэрлэцгээдэг тэр зүйл хүртэлх ухамсар дахь бүхний зохион байгуулалтыг эвдэгч энэхүү сандрал мэгдлийн айдас нь амь насыг өөрийг нь бусниулдаг. Сэтгэлийн зүйлийн салаа мөчир нь үзэгдэхүйц бөгөөд бат бэх, тогтвортой. Энэ бол ухамсар. Гэвч ухамсар нь эмзэг, өөрөөр хэлбэл, хараал жатгад өртсөн, эсвэл, үхлийн гэм нүглийн байдалд буй бодгаль амьдралынхаа бүх хяналтыг алддаг, аливаа сонголт, аливаа хараат бус байдал, бүхий л биехүнээ алдаж орхидог.

Түүнээс гадна, тэмдэглэсэн баримтууд нь, миний итгэл үнэмшлээр, басхүү судлах шаардлагатай тийм “бүхэллэг” баримтуудад хамаардаг. Сэтгэцийн, эсвэл, тодорхойгоороо, сэтгэц-эрхтний зүйлийг авч үзэх нь бүх цогцыг бүртгэн тайлбарлахад энд хангалттай биш. Энд нийгмийн зүйлийг авч үзэх зайлшгүй шаардалагатай. Тэгэхдээ, нийгэмд бидний амьдрал хэсэг бусаг болж байдаг шиг тийм хэсгийн саланги тусгаар судалгаа хангалттай биш ээ. Homo duplexийн тухай дюркгеймч төсөөлөл хэрхэн нарийвчлагдаж байгаа хийгээд түүний хоёрдмол чанарыг хэрхэн авч үзэж болох вэ гэдгийг бид энэ тохиолдолд харж байна.

Эцэст нь гэхэд, эдгээр баримт нь хоёр байр сууринаас, өөрөөр хэлбэл, ухамсрын бүрэн бүтэн байдал ба авир үйлдлийн бүрэн бүтэн байдлын судалгаа болохын хувьд сонирхолтой хэмээн би бодож байна. Тэдгээр баримт нь хүй нэгдлийн хүмүүс хэмээн оновчгүй нэрлэцгээдэг тэдгээр хүмүүсийн бүхэллэг байдал ба өөрсдийгөө, бидний адил, биехүмүүс байдлаар мэдэрч, хамт олонд сөрөн зогсч буй тийм хүмүүсийн “бутархай байдал” хоорондын эсрэгцлийг олж харах бололцоо олгодог. Австрали хүний, эсвэл, маори хүний зан араншин хийгээд амьдралын тогтвортой байдал илэрхий байна. Бүр Голди нэрлэж байсанчлан, эдгээр хамт олны шинжтэй, эсвэл, бодгаль шинжтэй “хий хөөрүү” нь манайд гагцхүү хүн эмнэлэгтэй юм уу, ичгүүр сонжуургүй, хүний мөсгүй авир үйлдэлтэй холбоотой болжээ. Тэдгээр хий хөөрүү нь бидний ёс суртахууны тогтвортой цөм аажмаар чөлөөлөгдсөн тэрхүү бүрхүүлийг бүрдүүлдэг.

Эш татсан баримтууд нь социологийн нотолгооны үлгэр жишээ болж буй номондоо56 Дюркгейм томьёолсон альтруист шинжтэй амиа хорлох үйлийн тухай онолын баталгаа болдог бөгөөд уг онолын хэрэглээний хүрээг өргөтгөдөг гэдгийг ерөнхий дүгнэлтэд дурьдахыг өөртөө би болгоолоо. 

                                      Орос хэлнээс орчуулсан Хулуд Ж.Отгонбаяр 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null